2009-10-23
Ц.Доржготов “Хуруун чинээ лааны гэрэл”
Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.

Занын шар гозойж, "Энэ муу Намшир дандаа намайг өөрөөсөө дорд үздэг. Дахиад л номчирхоод ирлээ. Би энэ муугаас юугаараа дутах юм бэ? Мадлаад өгнө өө, чамайг" гэж бодуут сүүтэгнэн асах хуруун чинээ лаандаа гэнэт харамсаад "Энэ лаа урсаж байна гэдэг чинь надаас л гарз гарч байгаа хэрэг" гэж уурлаад лаагаа үлээчихэв. Намшир
- Хөөе, золиг минь: чи яаж байна аа? гэв.
- Чи ямар ном уншиж байгаа биш, цээжээр ярьж байгаа юм чинь, гэрлийн хэрэг юу байна? Харанхуйд ярь гэснээ, "Өөрөө лаагүй гуйлгачин байж, хүний лааны гэрэл бараадаж ирчихээд, бас тэгээд эзэнд нь номчирхоно гэнэ ээ? Тэгнэ байх аа, гайгүй" хэмээн харанхуйг далимдуулан шазвалзав.
Намшир "Зана минь, лаагаа гамнасан болохоос миний ярианд дургүйцсэнгүй юм байна" гэж олзуурхаад:
- Чи миний саяын ярьснаас юм ойлгов уу? гэв.
- Ойлгоогүй ээ, ойлгоогүй. Ойлгоод ч яах юм бэ? гэж Зана хэдэрлэв.
- Зана минь, чи бага сургуульд ч сураагүй даанч харанхуй хүн дээ гээд харанхуйг далимдуулан өврөө суйлан сугаа маажингаа,
- Дараагийн сонгуульд ямар нам ялах бол? гэвэл,
- Ямар нь ч ялсан яадаг юм бэ? гэж зандраад Зана уурандаа чүдэнз зурав. Занын шүдгүй тулман амнаас түүний хоолойгоо тултал гударсан гаансны нь төмөр толгой дөнгөж цухуйж харагдана. Тэр бээр сахлаа хуйхлах шахам байж тамхиа асаагаад чүдэнзнийхээ модыг нясалчихсан чинь Намширын чихийг эгээ л түлчихсэнгүй, шүргээд өнгөрөв. Зана,
- Намшир минь, чи бид хоёр үхэх дөхлөө. Чи яахав, бурхан шүтэхгүй гэж андгайлсан намын хүн байж. Харин чи өөд болсон хөгшнийхөө хойноос ганц нэг эрхи маань уншихад чамд хэрэг болохгүй юм аа гэхэд өнгөрсөн тэр хөөрхийд ач болж юуны магад гэж чиний толгойд огт орохгүй юм уу? гэхэд,
- Маани шиг хэрэггүй юм хаана байна? Би маани мэгзэм уншиж мэдэх ч үгүй гэж Нэмшир шилбэлзлээ.
Зана уурандаа гаансныхаа хүнд төмөр толгойгоор мөнгөн цохилуураа ялбийтал балбангаа,
- Чи чинь багадаа Эрдэнэзуугийн чогчин дуганы арын мөрөнд саарьтай тавхайгаа орхимжин дороосоо цухуйлгачихсан хурал хурж суугаа биз дээ? гэж цухалдав. Намшир,
- Тэр бол юм мэдэхгүй, гэнэн багын явдал. Одоо бол би бурхан шашин шиг тийм хоосон юманд хууртагдахааргүй, бүрэн болчихсон хүн гэж зориуд ам гарсан авч, яагаад ч юм, энэхэн агшинд нас барсан хайрт хань Гэрэлсүрэн нь харагдах шиг болж, дотор нь муухайрчээ. Хэсэг дуугүй суув. Эцэст нь жаахан уужирлаа. Энэ бүгд ерөөсөө Занаас л болж байгаа юм гэж Намшир хорсоод, "Энэ муу Занад бууж өгөхгүй шүү. Энэ надаар шашин шүтүүлж яах нь вэ? Бүр заавал маани уншуулах гэж хор нь буцлаад байгаагий нь хараач. Сайндаа биш, намайг бүр давж авч, бах таваа хангах гэж өдөж байгаа нь энэ" гэж шазуур зуусан боловч их л талибуунаар,
- Би чамайг бурхан битгий шүт гээгүй байхад, чи намайг "шүт" гэж тулгаад л... яахнав дээ гэж өгүүлэв. Зана санаа алдсанаа,
- Тэр үнээн. Гэхдээ чи муу Гэрэлсүрэндээ насаар нь эрхи бариулалгүй үхүүлсэн хүн дээ. Энэ голынхон бүгд мэднэ. Хөөрхий муу хань чинь тал харвачихаад байхдаа, чамаас нууж, маани уншиж байсныг бид цугаараа андахгүй. Чи ч их нүгэлтэй амьтан даа гэв.
Намшир,
- Чи одоо нүгэл мүгэл гэж юун завхарсан юм яриад унав аа? гэж харанхуй гэрт дэмий л инээмсэглэв. Занын дуу чангарч,
- Чи бас нүгэл байхгүй гэж хуцах нь уу?...Нүгэл бий шүү ... Хулгай хийвэл нүгэл, худлаа хэлбэл нүгэл, хүн албал юув?... Нүгэл биш гэж чи улих уу?... Хүн гомдоож үхүүлбэл, чиний номоор бол нүгэл бас биш үү? гэж цээжээ түхэлзтэл уухилснаа,
- Чи ерөөсөө гар,...харь, .. .би зулаа өргөж, мааниа уншлаа. Чиний ийм яриаг чагнаж суух надад алдас болно гээд зулаа өргөж, бурхнаасаа адис аваад шар модон эрхи эргүүлж эхлэв.
Намшир эзгүй, харанхуй, хүйтэн гэртээ очимгүй, зулын гэрэл жаахан бараадмаар хэдий ч одоо яая гэхэв, үүд рүү маажигнав.
Энэ зуур Занын эхнэр Буянхорол гаднаас орж ирээд,
- Намшир чи, бид хоёртой ханьтай жаахан сууж хуучлахгүй яагаав? гэхэд Намшир,
- Зүгээрээ, харьж хэвтье гэж хэлтэл хоолой нь чичирч орхилоо.
Хүйтэн хонгил шиг харанхуй гэрт түүний сэтгэл дааж давшгүй гунигт автаж, "Одоо ингээд нам үхээд, учир нь олдохгүй орчлонтой тооцоо дуусаж, яс амархсан" гэж боджээ. Хүйтэн хөнжилд шургасан хойноо хайрт ханиа бүр ч үгүйлж, "Тэр минь, яагаад намайг орхиод явчихав аа?...Би түүнийг гомдоо луу?... Гомдоосон зөндөөн гомдоосон. Энэ хүмүүс намайг эхнэрээ гомдоож өнгөрүүлсэн гэж ярьдаг байх нь эз? ... Өөд болсны нь дараа дэвсгэр дороос нь эрхи гарсан. Тэр минь үнэхээр надаас нууж, маани мэгзэм уншдаг байж. Би ч тэгж байгаа болоо уу? гэж сэжиглэж, түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр загнаж уйлуулж байсан. Би ч үнэхээр нүглийн тариа юм даа" хэмээн өөрийгөө үзэн ядлаа. Тэр хөнжилдөө шурган уйлахдаа Гэрэлсүрэнгийнхээ гомдлыг цайруулж чадахгүйгээс хойш, одоо амьд явж яах юм бэ? Нүгэлт намайг битгий өршөөгөөрэй ... хохь нь" гэж енгэнүүлэхэд халуун нулимс хүйтэн нүүр дээгүүр нь асгарлаа.
Намшир үүрээр дугхийтэл хар дарж зүүдлээд сэрчихэв. Ганц бие өвгөн ямагт түлээ түлшээр гачигдаж байдаг тул тэр аргал түүж яваагаар зүүдэлжээ. Аргал олдохгүй болохоор айлын шаваастай аргал хулгайгаар ухаж байтал том том хөх аргал дороосоо аяндаа төмбийсөөр задарч, дундаас нь Гэрэлсүрэн нь цухуйж ирлээ. Энхрий хонгор гэргий нь гандсан хөсрий саараг тэрлэг нөмрөөд Намшираас айж, нүүр буруулна. Намшир цочиж сандарсандаа,
- Чи минь, одоо болтол төрлөө олоогүй л явна уу? гэхэд Гэрэлсүрэн,
- Би чинь иймэрхүү л янзтай явж байна шүү гэлээ.
Намшир оволзсон зүрхээ "Ёо ёо" хэмээн дараад маани түргэн түргэн уншив. Тэгээд Намшир "Ерөөсөө л Заныхаас салж, амьтан хүнээс алс хол ганц гэрээрээ буугаад Гэрэлсүрэнгийнхээ хойноос зул өргөж, маани уншъя. Зөндөө уншъя. Нойр хоолгүй уншъя. Ээ халаг, хайрт хонгорыгоо амьд сэрүүн байхад сэтгэлий нь аяыг дагаж ямагт баярлуулж явахгүй даанч яав даа" гэж халагласнаа гэнэт үрчгэр нүүрээ харанхуйд татгануулан шүд зууж, Тэхдээ маани мэгзэм уншиж, зул өргөж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй юм хуна даа. Ялангуяа энэ муу Занад огт сэжиг авахуулж болохгүй. За ингээд түргэн үхэх минь" гэж шийджээ.

Бичсэн: nice blog | цаг: 13:32 | uran zohiol
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax